СОНГИНОХАЙРХАН УУЛЫН БЭЛД БАЙРЛАХ ХЭЛМЭГДЭГСДИЙН ДУРСГАЛЫН ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ ЦЭЦЭГ ӨРГӨЛӨӨ

2026-09-10
Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хэлмэгдүүлэлтийн хар жилүүдэд амь нас, эрх чөлөө, амьдралаараа хохирсон иргэдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүхийн сургамжийг хойч үедээ өвлүүлэхийг сануулдаг.
Дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Нийслэл болон дүүргийн салбар комисс хамтран Сонгинохайрхан уулын бэлд байрлах хэлмэгдэгсдийн дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөж, буяны ном хурлаа.
Хүндэтгэл үзүүлэх ёслолд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улс, нийслэлийн комиссын ажлын албаны удирдлагууд, Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Б.Золбоо, ИТХ-ын төлөөлөгчид, Монголын Бурханы шашитны төлөөлөл, цэргийн анги, байгууллагын алба хаагчид, хэлмэгдэгсдийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд болон холбогдох албан хаагчид оролцлоо.
Хэлмэгдсэн хүн бүрийн ард хагацаж үлдсэн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдийн гашуудал, өнөөдөр ч мартагдаагүй дурсамж бий. Тиймээс энэ өдөр өнгөрсөн түүхээ эргэн санахаас гадна түүхийн үнэнийг мартахгүй, хэлмэгдүүлэлтийн хор уршгийг хойч үедээ ойлгуулж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн хамгаалахыг сануулдаг өдөр юм.
Сонгинохайрхан уул бол байгалийн үзэсгэлэнт газар төдийгүй Монголын түүхийн эмгэнэлт үеийн бодит гэрч. Энд хэлмэгдэн амь насаа алдсан иргэдийн гэгээн дурсгалыг хүндэтгэж, түүхийн үнэнийг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг билээ.