СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТҮҮХ
Сонгинохайрхан дүүрэг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу зохион байгуулалтын өөрчлөлтөөр Нийслэлийн Октябрийн районоос өрх тусгаарлан байгуулагдсан түүхтэй. Монгол Улсын Их Хурлын 1992 оны 18 дугаар тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 100 Төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр анхны хуралдаанаа 1992 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хийжээ. Энэхүү анхны хурлаас Сонгинохайрхан дүүргийг 1992 оны 10 дугаар сарын 1-ний өдөр байгуулах тухай тогтоол гаргасан байна. Ийнхүү тэр үеийн Октябрийн район буюу эдүгээгийн Баянгол дүүргээс өрх тусгаарласан Сонгино дүүрэг 20 хороотой байгуулагдсан бөгөөд хороо тус бүрээс 5 Төлөөлөгч сонгогдож, анхдугаар хуралдаанаараа Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрч, 100 Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй нутгийн өөрөө удирдах байгууллага үйл ажиллагаагаа хэрэгжүүлж шинэ дүүрэг өнө эртний түүхт, ариун дагшин, онгон шүтээнт Сонгино хайрханаа түшин өрхөө татаж гал голомтоо асаасан түүхтэй.