СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 41 ДҮГЭЭР ХОРООНЫ ЦОГЦОЛБОР БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2025-10-08
Баруунсалаанд байрлах Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо өнөөдөр /2025.10.08/ төрийн анхан шатны үйлчилгээг нэг дороос хүргэх шинэ цогцолбор байрны нээлтээ албан ёсоор хийлээ.
2179 өрхийн 8055 иргэнд үйлчилдэг тус хороо нь 2019 онд 24 дүгээр хорооноос өрх тусгаарлан байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байсан юм.
Шинэ цогцолборт өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, улсын бүртгэл, ахмадын холбоо болон хорооны үйлчилгээ зэрэг төрийн бүх нэгж төвлөрч үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсноор иргэд нэг дороос, хүртээмжтэй үйлчилгээг тохилог орчинд авах боломж бүрдэж байна.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай оролцож, хорооны иргэд, ахмадууд болон төрийн албан хаагчдад баяр хүргэн, ажлын амжилт хүсэв. Мөн 158 дугаар цэцэрлэгийн бяцхан хүүхэд багачууд Төрийн дууллаа дуулан ёслолын арга хэмжээг нээсэн ба алтан гадас одонт, ахмад настан Т.Цэрэндаш гуай хорооны шинэ байрны ерөөл магтаал айлдлаа.
Нээлтийн туузыг хорооны Засаг дарга Б.Дашзэвэг есөн өндөр настны хамт хайчилж, өндөр өргөөнийхөө үүд хаалгыг албан ёсоор нээсэн нь энэ өдрийн онцгой мөч байв.
Сүүлийн жилүүдэд тус хороонд сургууль, цэцэрлэг, авто зам зэрэг бүтээн байгуулалтын олон ажлууд хийгдэж, иргэдийн амьдрах орчин, төрийн үйлчилгээний чанар сайжирч байна.