“НЭРГҮЙ БААТРУУД” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМ ЗУРГАА ДАХЬ ЖИЛДЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-09-07
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг угтан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Сонгинохайрхан дүүргийн салбар комисс, “Сүүн бэх” утга зохиолын нэгдлээс хамтран зохион байгуулдаг “Нэргүй баатрууд” яруу найргийн наадам зургаа дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
Наадмын үеэр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн түүх, намтар, дурсгалын бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, ахлах ангийн сурагчдын дунд “Монголд гарсан хэлмэгдүүлэлт: Дүгнэлт, сургамж” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг зохион байгуулан, шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагнал гардууллаа.
Тус уралдаанд 151 дүгээр сургуулийн 12А ангийн сурагч М.Халиун, О.Оюунчимэг, Өнөр цогцолбор сургуулийн 12В ангийн сурагч М.Намуун, Ирээдүй сургуулийн 9И ангийн сурагч О.Энххүслэн нар тус тус шалгарлаа.
Энэ жилийн наадам цар хүрээгээ улам өргөжүүлж нийслэл төдийгүй орон нутгаас уран бүтээлчид зорин ирж, бүтээлээ хүргэн оролцлоо. Нийт 88 бүтээл ирсэн нь “Нэргүй баатрууд” наадмын үнэ цэнэ, ач холбогдол жилээс жилд өсөн нэмэгдэж буйн тод илрэл болов.
Шүлэг, яруу найргаа толилуулсан уран бүтээлчдээс тэргүүн байрт “Сүүн бэх” утга зохиолын нэгдлийн яруу найрагч А.Анхбаатар, дэд байрт “Сүүн бэх” утга зохиолын нэгдлийн яруу найрагч М.Амархүү, гуравдугаар байрт “Сүүн бэх” утга зохиолын нэгдлийн яруу найрагч Ц.Отгонбаатар нар тус тус шалгарч уран бүтээлч Л.Торой, С.Сумъяа нар тусгай байрт шалгарлаа.
Эх орон, тусгаар тогтнол, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн эгэл баатруудынхаа гавьяаг мартахгүй байх, түүхийн үнэнийг хойч үедээ өвлүүлэн үлдээх нь бидний үүрэг юм.