“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026-05-29
Сургуулийн өмнөх насны хүүхэд, эцэг эхчүүдэд замын хөдөлгөөнд зөв, соёлтой оролцох дадлыг төлөвшүүлэх, аюулгүй байдлыг таниулах, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хууль дүрмийн мэдлэгийг суртчилан таниулах зорилготой “Замын хөдөлгөөн Цагаан толгой-2026” урлаг, спортын тэмцээн өнөөдөр /2026.05.29/ зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Замын цагдаагийн хэлтэстэй хамтран зохион байгуулж буй. Арга хэмжээнд дүүргийн 8 цэцэрлэгийн 80 гаруй хүүхэд багачууд, эцэг эхийн төлөөлөл, багш сурган хүмүүжүүлэгчид оролцож авхаалж, самбаа, мэдлэг чадвараа сорин өрсөлдсөн юм. Идэвх санаачлагатай оролцсон нийт цэцэрлэгүүдээс:
1-р байрт – 263 дугаар цэцэрлэг
2-р байрт – 259 дүгээр цэцэрлэг
3-р байрт – 340 дүгээр цэцэрлэг тус тус орсон байна.
Тэмцээний үеэр хүүхдүүд замын хөдөлгөөний тэмдэг тэмдэглэгээг таних, эвлүүлэх, гарцаар зөв гарах, унадаг дугуй унахдаа аюулгүй байдлаа хангах, хамгаалах хэрэгслийг зөв бүрэн хэрэглэх, автомашины аюулгүйн суудлыг зөв ашиглах, анхны тусламжийн мэдлэгээ хөгжөөнт буухиа, асуулт хариулт, танин мэдэхүйн төрлүүдээр дамжуулан бататгасан юм.
Мөн эцэг эхчүүд хүүхдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд гэр бүлийн оролцоо ямар чухал болох талаар мэдээлэл авч, хамтран оролцлоо.
Тус арга хэмжээ нь хүүхэд багачуудын нас сэтгэхүйд тохирсон байдлаар замын хөдөлгөөний мэдлэг олгож, аюулгүй орчны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшлийг багаас нь төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой юм.