Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж амьдарч байгаа эрхэм танд болон танай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилж байна!
Өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хүн ам, өрхийн тоогоороо хоёрдугаарт ордог Сонгинохайрхан дүүрэгт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн олон ажлууд хэн бүхний нүдэн дээр ил байж, дүүргийн маань өнгө төрх шинэчлэгдэж, иргэдийн амьдрах орчин сайжирч байгааг онцлох нь зүйтэй. Гэсэн хэдий ч цаашид үргэлжлүүлэн өөрчилж шинэчлэх зүйл олон бий. Урд жилүүдэд дүүргийн дэд бүтэц, барилгажуулалт, нийтийн эзэмшлийн зам талбайн тохижилтонд түлхүү анхаарч ирсэн бол цаашид агаар, хөрс, орчны, дуу чимээний зэрэг бохирдлыг бууруулах, яндангийн тоог цөөрүүлэх, иргэдийн боловсрол, эрүүл, аюулгүй орчинд ая тухтай амьдрах нөхцөл бололцоог хангах, ажил эрхлэлт, дундаж орлоготой айл өрхийн тоог нэмэгдүүлэх чиглэлд онцгойлон анхаарах шаардлагатай байна.
Дүүрэг бүр өөр өөрийн нийгэм, эдийн засгийн онцлог орчин нөхцөл, давуу сул талуудтай байхаас гадна тэнд амьдарч буй хүмүүсийн үнэлэмж, төрийн үйлчилгээ хүртэх хэрэгцээ, шаардлага, үйлчилгээг иргэнд хүргэх арга замууд нь ялгаатай байдаг. Энэхүү ялгаатай нөхцөлд иргэд, оршин суугчдад төрийн үйлчилгээг ойр дөхөм байлгах, оновчтой хүргэх, ардчилсан зарчмаар засаглах, иргэдийн ашиг сонирхлын дагуу улс төрийн шийдвэрийг гаргаж байх зэрэгт нутгийн удирдлагын байгууллага нь онцгой үүрэг гүйцэтгэж байдаг. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал үйл ажиллагаагаа явуулж төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрт иргэн таны дуу хоолойг хүргэх, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг эрэмбэлэх, Засаг даргын үйл ажиллагаатай уялдуулах чиглэлд бүтээлч, оновчтой байдлаар ажиллах болно.
Иргэн таны санал бүр үнэ цэнэтэй тул та бүхнийг цаг үргэлж санал, шүүмж алин боловч илгээж хамтран ажиллахыг хүсье. Бид дүүргээ хамтдаа бүтээнэ.
Таныг болон танай гэр бүлийг хүндэтгэн мэндчилсэн:
СХД-ийн ИТХ-ын дарга Бат-Эрдэнийн ЗОЛБОО