СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ СҮҮЛИЙН ТАВАН ЖИЛД ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ОНЦГОЙ АНХААРСАН

2026-05-08
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр /2026.05.08/ Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа.
Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдал, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, ”Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг хөтөлбөрийн талаар товч танилцууллаа.
Бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа дүүргийн төр, захиргааны болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбартаа онцгой анхаарсан. Өнгөрсөн хугацаанд 12 сургууль, 30 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бол энэ жил 4 сургууль хүүхдүүдээ хүлээж авна. Энэ бүхний үр дүнд сургууль, цэцэрлэгийн хамрагдалт 95 хувьд хүрээд байна.
Сонгинохайрхан дүүрэгт нийгмийн болон инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалт ид өрнөж байна.
Тухайлбал, “Хавдар судлалын үндэсний II төв”-ийн бүтээн байгуулалт эхэлж, “Баянхошуу дэд төв”-ийн ажил дууссан бол “Толгойт дэд төв-ийнх 60 хувьтай, зургаан хороонд гэр хорооллын дахин төлөвлөлт хийн, барилгажуулж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн “Очир инвест” ХХК-ийн захирал, хүний их эмч Цэдэнгийн Очирдуламд Хүний гавьяат эмч, “Автобус гуравдугаар бааз”-ын ахмад жолооч Шаравын Төмөр-Очир, “УБТЗ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Хяналтын албаны ахмад ажилтан Батсүрэнгийн Сүрэнхорлоод Гавьяат тээвэрчин, “Промон трейд” ХХК-ийн ерөнхий захирал Нямдэлэгийн Оюунбатад Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Ахмадын зөвлөлийн дарга, ахмад багш Аюушийн Тийтаад Гавьяат багш, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга Долгорын Төмөрбаатарт Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн одон, медалиар шагналаа.