ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТЭСТ ШУУРХАЙ АЛБАНЫ АВТОМАШИНУУД, ЗӨӨВРИЙН ДАЛАН ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

2025-07-01

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Б.Золбоо өнөөдөр /2025.07.01/ дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар өндөр “TANK-300”, техник хэрэгсэл зөөвөрлөх зориулалттай давхар кабинтай “Bongo”, шуурхай ажиллагааны зориулалттай 8 ба 12 хүний суудалтай “Voxy”, “Starex” автомашинууд болон үер усны үед бэлэн байдлыг хангахад зориулагдсан 250м үерийн угсардаг далан зэргийг гардуулан өглөө. 


Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2025 оныг “Орц, Гарц чөлөөлөх жил” болгон зарласан ба энэ хүрээнд гэнэтийн аюул, гамшгийн эрсдэл тохиолдох үед бэлэн байдлыг хангах чиглэлээр олон ажлуудыг зохион байгуулж байгаа билээ.  


Сонгинохайрхан дүүрэг нь хүн ам төвлөрсөн, томоохон газар нутгийг хамардаг, орон сууц, гэр хороолол, ногоон бүс зэрэг өөр өөрийн онцлог нөхцөл бүхий томоохон газар нутагтай. Гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд автомашин, техник хэрэгслийн бэлэн байдал, хүртээмж чухал бөгөөд шуурхай албаны тээврийн хэрэгслүүдийг нэг дор дөрвөн автомашинаар ийнхүү шинэчилж байна. Мөн үер усны улирал эхэлж байгаа энэ цаг үед бэлэн байдлыг хангахад орчин үеийн угсардаг даланг хэрэглээнд нэвтрүүлж байна.


Гал усны гашуун зовлонг амь насаа дэнчин тавьж, сөрөн ажилладаг онцгой байдлын албан хаагчдаа бодлогоор дэмжих, бие бүрэлдэхүүний ажиллах нөхцөлийг дээшлүүлэх ажлыг дүүргийн зүгээс анхаарч ирсэн бөгөөд өнөөдөр хүлээлгэн өгсөн төхөөрөмж, автомашинууд гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэхэд зохих үүргийг гүйцэтгэх юм.