ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ДҮҮРГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА

2025-12-18
Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VI хуралдаан өнөөдөр /2025.12.18/ боллоо. Хуралдаанаар дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн явц, дүүрэгт хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний биелэлт, 2026 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хамт өргөн мэдүүлсэн бусад асуудлуудыг хэлэлцлээ.
Сонгинохайрхан дүүргийн суурь орлогыг 159 тэрбум, суурь зарлагыг 115.9 тэрбум, Орон нутгийн төсвийн татварын болон татварын бус орлогын төлөвлөгөөний нийт дүнг 205.6 тэрбум, орон нутгийн урсгал зардлын төлөвлөгөөний дүнг 161.6 тэрбум, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогын дүнг 12.9 тэрбум байхаар тус тус тооцон баталлаа.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэг 2026 онд агаарын бохирдлыг бууруулах, орчин нөхцлийг сайжруулах зорилгоор гэр хорооллын газар чөлөөлөлтийг үргэлжлүүлж орон сууцжуулах болон хөрөнгө оруулалтын ажлуудыг дуусгах чиглэлд анхаарч ажиллана.