Дүүргийн 43 хорооны Засаг дарга нар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн удирдлагуудтай хамт сууж, ярилцлаа

2025-11-06
Дүүргийн 43 хорооны Засаг дарга нар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн удирдлагуудтай хамт сууж, ярилцлаа. Хороод дээр тулгардаг асуудлуудаа ярьлаа. Хамтарсан багийн ажил, хэсгийн байцаагчийн асуудал, архины хамааралтай иргэд, түүнд тавих хяналт, урьдчилан сэргийлэх ажил, мэдээллийн урсгал, уялдаа холбоог сайжруулах зэрэг өргөн хүрээнд санал солилцлоо. Зарим нэг шийдэлд ч хүрэв. Дүүргийн цагдаагийн газар 3 хэлтэстэй тул цаашид хэлтсүүд дээрээ тухайлсан уулзалтуудыг улирал тутам хийж уялдаа холбоог хангах нь зүйтэй гэж үзлээ.
2025 оны хувьд цагдаагийн газраас эмзэг цэгүүдэд төвлөрч Саппоро, 1-р хороолол, 5 шар орчимд эргүүл хяналтыг сайжруулж олон төрлийн ажил явагдсан бөгөөд үр дүнгээ өгч гэмт хэрэг зөрчлийн үзүүлэлт буурчээ. Мөн давтамжтай дуудлага мэдээлэл нийслэлийн хэмжээнд хамгийн их буурсан дүүрэг болсон байна.
Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх нь зөвхөн цагдаагийн байгууллагын хийх ажил биш бөгөөд төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтанд хамаарахаас гадна аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн оролцоо чухал байх ёстой. Мэдээлийн урсгал, уялдаа холбоог сайжруулах нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд өндөр ач холбогдолтой. Цаашид өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд анхаарах болно.