ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН БАГ ТАМИРЧИД СОЁЛ ТҮГЭЭЕ – СОЁЛТОЙ СОНГИНОХАЙРХАНЧУУД-4 ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОЖ БАЙНА

2025-11-01
Биеийн тамир, спортыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хамт олны идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас уламжлал болгон зохион байгуулдаг “Соёл түгээе – Соёлтой Сонгинохайрханчууд” спортын олон төрөлт тэмцээн амжилттай үргэлжилж байна.
Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрхлэх хүрээний 23 байгууллагын нийт 1000 гаруй тамирчид оролцож байгаа бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болон Хурлын ажлын албаны ажилтнуудаас бүрдсэн баг тамирчид амжилттай оролцож, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдөж байна.
Тэмцээн 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 2-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд бадминтон, шатар, сагсан бөмбөг, волейбол, дартс, буудлага зэрэг спортын 7 төрлөөр явагдаж байна. Нийлбэр дүнгээр хамгийн өндөр амжилт үзүүлсэн байгууллага “Шилжин явах цом”-ын эзэн болно.
“Соёл түгээе – Соёлтой Сонгинохайрханчууд” арга хэмжээ нь хамт олны нэгдэл, хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, спортын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд чухал ач холбогдолтой уламжлалт арга хэмжээ юм.