СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 43 ДУГААР ХОРОО ЦОГЦОЛБОР БАЙРНЫ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2025-10-24
Төрийн үйлчилгээг иргэдэд хамгийн ойроос хүргэдэг анхан шатны нэгж бол хороо юм. Сонгинохайрхан дүүрэгт он гарсаар дөрөв дэх хорооны цогцолбор байр нээгдэж, иргэд төрийн анхан шатны үйлчилгээг нэг дороос, цогц хэлбэрээр авах боломжтой болж байна.
Сонгинохайрхан дүүргийн отгон буюу 43 дугаар хороо нь 2019 онд 31-р хорооноос хуваагдан байгуулагдсан бөгөөд 1342 өрхийн 4925 иргэнд төрийн үйлчилгээг хүргэж буй юм.
Төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн үе үеийн удирдлагуудын хүчин чармайлт, хамтын ажиллагааны үр дүнд ийнхүү Сонгинохайрхан дүүрэгт дахин нэг хороо будаг нь ханхалсан цоо шинэхэн өргөөнийхөө үүд хаалгыг нээж, иргэддээ үйлчилж эхэллээ.
Шинэ цогцолбор байранд өрхийн эмнэлэг, хэсгийн цагдаа, иргэдийн Нийтийн Хурал, хэсгийн ахлагч нар, нийгмийн ажилтнууд, ахмадын холбоо болон хүүхэд хамгааллын өрөө зэрэг төрийн үйлчилгээний нэгжүүд байрлаж, иргэдэд шаардлагатай үйлчилгээг нэг дороос олгох боломж бүрдэж байна.
43-р хорооны иргэддээ болон ИТХ-ын төлөөлөгч Д.Идэрзаяа, хорооны Засаг дарга Д.Батдорж, Өлзийт манал өрхийн эмнэлгийн хамт олон, хорооны нийт ажилтан, алба хаагч нарт баяр хүргэж, амжилтын дээдийг хүсье!