Өчигдрийн түүхийг бүтээж, өнөөдрийн залуустаа өмөг түшиг болж яваа Сонгинохайрхан дүүргийн ахмад настнууддаа хүндэтгэл үзүүлэх “Бахархалт ахмадууд” арга хэмжээ боллоо.
Ахмад настны өдрийг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж ирсэн. Энэ жил тус өдрийг 33 дахь удаагаа тэмдэглэж, ахмадаа хүндэтгэн, эрх ашгийг хамгаалах олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Нийслэлийн томоохон дүүрэг болох Сонгинохайрханд өнөөдрийн байдлаар нийт 37,880 ахмад настан оршин суудаг бөгөөд тэдгээрийн 69.8 хувь нь эмэгтэй, 32.1 хувь нь эрэгтэйчүүд байна. Мөн зуугаас дээш настай 12, 90-ээс дээш настай 300 гаруй өндөр настан амьдарч байгаа бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 4, Ардын болон Гавьяат цолтон 293 ахмад оршин суудаг.
Арга хэмжээний үеэр хороодоос шалгарсан шилдэг өрхүүдийг алдаршуулж, өргөмжлөл болон мөнгөн шагналаар мялаав. Шагналыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн, дүүргийн Засаг дарга Ц.Баттөр, Засаг даргын орлогч Б.Хосбаяр, Сонгинохайрхан дүүргийн Ахмадын хорооны дарга П.Самдан нар гардуулж, ахмадууддаа баяр хүргэж, талархал илэрхийллээ.
Бүх сайхан ахмад буурлууддаа урт насалж, удаан жаргахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.