2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

2025-09-01

ӨНӨӨДӨР 9-р сарын 1. Эх орны өнцөг булан бүрт хүүхэд багачуудын баяр хөөр, дуу хуур цангинасан хичээлийн шинэ жилийн нээлт болж байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо Ерөнхий боловсролын “Өнөр” сургуулийн хичээлийн шинэ жилийн баяр, “Урлаг” танхимын нээлтэд оролцож, нийт сурагч хүүхэд багачууд, эрдэмтэн багш нарт мэнд хүргэж, сурлагын амжилт хүслээ.

Сонгинохайрхан дүүрэгт 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 30 сургууль, 71 цэцэрлэг, төрийн бус өмчийн 7 сургууль, 43 цэцэрлэг сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж, эдгээрт нийт 94762 хүүхэд багачууд сурч хүмүүжин, 3536 багш нар эрдэм түгээн ажиллаж байна.

Энэ жил шинээр 1-р ангид 7025 хүүхэд элсэн суралцах ба хоёр настай 4055 хүүхэд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад шинээр хамрагдах юм. Сонгинохайрхан дүүрэг 2025 онд шинээр сургуулийн 5, цэцэрлэгийн 6 барилга ашиглалтанд оруулж, сургуулийг 1640 суудлаар, цэцэрлэгийг 950 ороор тус тус хүчин чадал нэмэгдүүлнэ.

Монгол Улсын Засгийн Газраас 2026 оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан бөгөөд сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд энэ хичээлийн жилээс шинэчилсэн хөтөлбөртэйгөөр хичээллэж эхэлж байна. Алдрай жаахан хүүхдүүддээ, оюутан сурагч, багш ажилтан та бүхэндээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе! Эрдмийн их үйлсэд нь өндөр амжилт ерөөе!