НИЙГМИЙН БОДЛОГО, ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХАРЬЯА АЛБА, ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хорооны Төлөөлөгчид чиг үүргийн хүрээнд өнөөдөр /2025.06.17/ харьяа алба, хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн хорооны хувьд гамшиг ослоос урьдчилан сэргийлэх шат дараатай арга хэмжээнүүд, шахмал түлшний хэрэглээнд хяналт тавин ажилласан талаарх тоон мэдээллүүдээ танилцууллаа. Мөн “Төр, Улаан загалмайн хамтын ажиллагааны салбар зөвлөл”-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг хорооны Төлөөлөгчдөд өглөө. СХД-ийн Улаан загалмайн хороо 2024 онд 7289 хүнд хүрч ажиллажээ.
Дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн хувьд 123 мянган хүүхэд, 93 мянган өрхийг хамарч үйл ажиллагаагаа явуулж байна. Хүүхдийн тусламжийн 108 дугаарт 2024 онд эхний улиралд 734 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бол 2025 оны эхний улиралд 815 дуудлага бүртгэгджээ. Тус хэлтсийн хувьд Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ Түр хамгаалах байранд болоод хэлтсүүдэд хүний нөөцийн орон тооны асуудал тулгамдаж байгааг дурдаад хороо бүрт хүүхэд хамгаалал чиглэлээр хамтарсан багийн үйл ажиллагааг чанартай зохион байгуулах шаардлагатай байгааг онцоллоо. Үргэлжлүүлэн Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хорооны Төлөөлөгчид дүүргийн Халамж үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Биеийн тамир спортын хорооны үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир спортын хорооны баг тамирчид “Монголын хүүхдийн спортын VIII их наадмаас алт-13,мөнгө-19,хүрэл-26 нийт 58 медалийн эзэд болсон байна. Мөн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багт 18 төрлөөр 550 тамирчин хүүхдүүд хичээллэж байгаа гэдгээ дуулгалаа. Тус хорооны Төлөөлөгчдийн хувьд тухайн байгууллагын бүтэц, чиг үүрэг дотоод үйл ажиллагаатай танилцаж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон шийдвэрлэх арга замын талаар санал солилцож ажиллалаа.