Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ногоон хөгжил,газрын харилцаа, хөдөө аж ахуйн хорооны Төлөөлөгчид өнөөдөр /2025.06.13/ чиг үүрэг, эрхлэх ажлын хүрээнд харьяа хэлтсүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тухайлбал Газар зохион байгуулалтын албаны тухайд архивын улсын үзлэгт бэлдэж ажиллаж байгаа гэдгээ хорооны Төлөөлөгчдөд танилцуулж, газрын бүртгэлийг шинээр хийх ажил үргэлжилж байгаа гэдгийг дуулгалаа. Мөн 18,34-р хороодод газар зохион байгуулалтыг дахин хийж зөрчилгүй хороо болгосон байна.
Харин дүүргийн “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ нь сард нийт 29.000 хог тээврийн ачилт хийж 31 хорооны айл өрх, 2100 аж ахуй нэгжийн хог хаягдлыг тээвэрлэж байгаа тоон мэдээллээ танилцуулсан юм. Тухайн байгууллага нь он гарсаар эхний 5 сарын байдлаар 7,8 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Тус хорооны Төлөөлөгчдийн хувьд тухайн байгууллагын бүтэц, чиг үүрэг дотоод үйл ажиллагаатай танилцах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлон шийдвэрлэх арга замын талаар санал солилцож ажиллалаа.