Монгол Улсын Их Хурлын 18 дугаар тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 100 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэй анхны хуралдааныг 1992 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хийжээ.
Түүхийг сөхвөл, Улаанбаатар хотын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Октябрь дүүргийг “Баянгол”, “Сонгино” 2 дүүрэгт хуваан, Октябрь дүүргийн хэмжээнд 9 сарын 6-15-ныг хүртэл хугацаанд хороодын иргэдийн нийтийн хурлуудыг хийж, уг хурлуудаас сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулагдсан юм.
Сонгинохайрхан дүүрэг нь Нийслэлийн Улаанбаатар хотын баруун жигүүрт Баянгол дүүрэг, Төв аймгын Алтанбулаг сум, Баянчандмань, Борнуур, Батсүмбэр сумтай хил залгаа оршдог. 1200.1 га газар нутагтай.
Сонгинохайрхан уул: Хайрхан уулын энгэр дэх хөх асганд эрт үед зэрлэг улаан сонгино их ургадаг учраас Сонгинот хайрхан гэж нэрлэгдэж байснаа сүүлдээ Сонгинохайрхан болжээ. Хүрээний дөрвөн уулын дундаас хамгийн догшин хайрхан хэмээгддэг тул ан амьтад, тарвага зурманд нь ч хүрдэггүй байсан гэдэг.