ДҮҮРГИЙН БАГШ НАРЫНХАА ТӨЛӨӨЛӨЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

2025-10-01
Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсч хөгжсөний 104 жил, Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдрийг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын “Чадварлаг багш, шавь-2025” баярын арга хэмжээ болж, багш шавь нарын сурлага, зүтгэл, амжилтыг алдаршууллаа.
Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Алтаншагай, Засаг даргын орлогч Д.Хосбаяр болон төлөөлөгчдийн хамт оролцож, хөдөлмөр бүтээлээ үнэлүүлсэн шилдэг багш, шавь нарт шагнал гардуулж, баяр хүргэлээ. Мөн 2025 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад амжилттай оролцож 800 оноо авсан сурагчдыг шагнаж урамшуулав.
Сонгинохайрхан дүүрэг 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн 30, төрийн бус өмчийн 7 сургуульд 70,878 суралцагч, 114 цэцэрлэгт 23,884 хүүхэд хамрагдаж, нийт 7,000 гаруй багш, ажилтан боловсролын байгууллагад ажиллаж байна. Боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүргийн ИТХ-ын 2024 оны А/34 дүгээр тогтоолоор “Боловсрол” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд спортын болон сургалтын цогцолборууд, олон улсын болон математикийн гүнзгийрүүлсэн сургалтууд нэвтэрч байна.
Нийт багш нартаа Монгол улсын ирээдүйг бүтээх, сургах, гэгээрүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе!