Б. ЗОЛБОО
ИТХ-ын Төлөөлөгч

Бат-Эрдэнэ

ЗОЛБОО

БЯЦХАН СУРАГЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

2026-09-01
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 74, төрийн бус өмчийн 40, нийт 114 цэцэрлэгт 25,168 хүүхэд суралцаж, 3,418 орчим багш, ажилтан ажиллаж байна. Харин ерөнхий боловсролын төрийн өмчийн 33, төрийн бус өмчийн 7, нийт 40 сургуульд 75,476 суралцагч хичээллэж, 27,000 орчим багш, ажилтан ажиллаж байна. Энэ хичээлийн жилд дүүргийн хэмжээнд 6,549 хүүхэд нэгдүгээр ангид шинээр элсэн орж, эрдэм номын их өргөөнд хөл тавьж байна. Үүнээс Өнөр цогцолбор сургуульд энэ хичээлийн жилд 295 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж, сурах, мэдэхийн их аяндаа мордлоо.
Энэ жил Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Өнөр цогцолбор сургуулийн бага сургуулийн өргөтгөл, мансардын ажлыг эхлүүлж, сургалтын орчин, сургуулийн хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ нь хүүхдүүдийн суралцах орчныг сайжруулахаас гадна сургуулийн ачааллыг бууруулж, хүүхэд бүрд сурч боловсрох илүү таатай нөхцөл бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хүүхдийн сурч боловсрох орчныг сайжруулахаас гадна тэдний аюулгүй байдлыг хангах нь бидний нэн тэргүүний үүрэг. Тиймээс “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд тэтгэвэрт гарсан ахмад цагдаагийн алба хаагчдыг эргүүлд ажиллуулах, иргэдийн болон хөршийн хяналтыг тогтмолжуулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж, хүүхэд багачуудын зорчих зам, сургууль орчмын орчинд учирч болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.
Бяцхан дүү нартаа хандаж хэлэхэд, Монгол хүн байж, эх хэл, өв соёлоо дээдэлж, ирээдүйн шинжлэх ухаан, мэдлэг боловсролд шамдан суралцаарай. Хүнийг сайхан харагдуулдаг хамгийн эрхэм зүйл бол хүмүүжил. Тиймээс зөв хүмүүжил, зөв хандлагаараа бусдаас ялгардаг хүн болоорой гэж захимаар байна.
Та бүхний өмнө сурч мэдэх, хөгжиж дэвших, хүсэл мөрөөдлөө биелүүлэх олон сайхан боломж, зам мөр нээлттэй байна. Өнөөдрийн бяцхан сурагчид маань ирээдүйд эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах мэдлэг боловсролтой, зөв хүмүүжилтэй иргэд болон төлөвшинө гэдэгт итгэлтэй байна.
Эрдэм номын их өргөөнд хөл тавьж буй нийт сурагчдадаа, тэр дундаа анх удаа сургуулийн босго алхаж буй бяцхан дүү нартаа 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэж, сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье.
Эрдэм номын зам тань дардан, хүсэл мөрөөдөл тань биелж, ирээдүй тань гэрэлтэй байх болтугай!